12 дугаар зүйл. Хөдөлгөөний таних тэмдэг хэрэглэх
12.1.Улаан загалмайн таних тэмдгийг хүмүүнлэгийн үйл ажиллагааны зорилгоор ашиглах бөгөөд түүнийг ялгах тэмдгийн болон хамгаалалтын тэмдгийн журмаар хэрэглэнэ.
12.2.Монголын улаан загалмай нийгэмлэг нь дайн, олон улсын болон олон улсын бус зэвсэгт мөргөлдөөн, нийтэд учирсан гамшигт байдлын үед шархадсан, өвчтэй, олзлогдсон, гамшиг, аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэгсдэд Женевийн конвенци, нэмэлт протоколын дагуу хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, тэдгээртэй адилтгах бусад төрлийн үйл ажиллагаа явуулахдаа тусламж шаардлагатай хүмүүс болон тусламж үзүүлэгчдийг хамгаалах зорилгоор "Улаан загалмай" таних тэмдгийг хэрэглэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.3.Монголын улаан загалмай нийгэмлэг нь "Улаан загалмай" таних тэмдгийг гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хөдөлгөөний үндсэн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулахдаа ялгах тэмдгийн зориулалтаар хэрэглэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.4.Монголын улаан загалмай нийгэмлэг, түүний салбар байгууллага нь “Улаан загалмай” таних тэмдгийг өөрийн байрлаж байгаа, эсхүл хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламж, тээврийн хэрэгсэлд байрлуулна.
12.5.Тайван цагт шархадсан хүн, өвчтөнд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, түүний тээврийн хэрэгсэлд улаан загалмайн таних тэмдэг хэрэглэх зөвшөөрлийг Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдах байгууллага олгож болно.