МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

Бусад · 14 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлыг тодорхойлж, бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны зорилго, чиг үүрэг, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагаас Монголын улаан загалмай нийгэмлэгт дэмжлэг үзүүлэх, бие даасан байдлыг хангах, улаан загалмайн нэр, бэлгэ тэмдэг, таних тэмдгийг хэрэглэх, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

2.1.Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай, Гамшгаас хамгаалах тухай, Донорын тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хөдөлгөөн" гэж олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөнийг;

3.1.2."хөдөлгөөний үндсэн зарчмууд" гэж энэрэнгүй, шударга, төвийг сахих, бие даах, сайн дурын, нэгдмэл, түгээмэл байх олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний үндсэн зарчмыг;

3.1.3.Женевийн конвенци гэж 1949 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталсан Дайтаж байгаа армийн шархадсан ба өвчтэй цэргийг асран хамгаалах тухай, Тэнгисийн зэвсэгт хүчний шархагдагсад, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд нэрвэгдэгсдийг асран хамгаалах тухай, Дайнд олзлогдогсодтой харьцах тухай, Дайны үед энгийн хүн амыг хамгаалах тухай Женевийн конвенцийг;

3.1.4.нэмэлт протоколууд гэж 1977 оны 06 дугаар сарын 08-ны өдөр баталсан олон улсын зэвсэгт мөргөлдөөнд өртөгсдийг хамгаалахтай холбогдсон болон олон улсын бус чанартай зэвсэгт мөргөлдөөнд өртөгсдийг хамгаалах тухай Женевийн конвенцийн нэмэлт протоколыг;

3.1.5."хөдөлгөөний дүрэм" гэж олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны бага хурлаар 1986 онд Женевт батлагдаж, 1995 онд нэмэлт өөрчлөлт орсон олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний дүрмийг;

3.1.6."холбооны үндсэн дүрэм" гэж Швейцарь Улсын Женев хотод 2007 оны 11-р дүгээр сарын 20-22-ны хооронд хуралдсан олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхий ассамблейн чуулганаар шинэчлэн батлагдсан олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны үндсэн дүрмийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГМОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

4 дугаар зүйл. Монголын улаан загалмай нийгэмлэг байгуулагдах онцлог

4.1.Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн дагуу хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчимд нийцүүлэн хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг болж, Монгол Улсад зөвхөн нэг Улаан загалмай үндэсний нийгэмлэг байгуулагдана.

4.2.Хөдөлгөөний онцгой эрхийг зөвхөн Монголын улаан загалмай нийгэмлэг хэрэгжүүлнэ.

5 дугаар зүйл. Монголын улаан загалмай нийгэмлэгийн тодорхойлолт

5.1.Монголын улаан загалмай нийгэмлэг нь хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчим болон Женевийн конвенци, нэмэлт протоколуудыг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, өөрөө удирдах ёсны зарчимд суурилж үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн.

5.2.Монголын улаан загалмай нийгэмлэг нь Женевийн конвенци болон түүний нэмэлт протоколууд, Монгол Улсын хууль тогтоомж, хөдөлгөөний үндсэн зарчимд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.

5.3.Монголын улаан загалмай нийгэмлэг нь Монгол Улсын аймаг, дүүрэгт энэ хуулийн 6.1-д заасан зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг салбар нэгжтэй, олон нийтийн өмчтэй хуулийн этгээд байна.

5.4.Монголын улаан загалмай нийгэмлэг нь өөрийн Үндэсний чуулганаас баталсан дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бөгөөд нийгэмлэгийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн болон хөдөлгөөний дүрмээр зохицуулна.

6 дугаар зүйл. Монголын улаан загалмай нийгэмлэгийн зорилго, чиг үүрэг

6.1.Монголын улаан загалмай нийгэмлэгийн зорилго нь зэвсэгт мөргөлдөөн ба нийтэд учирсан гамшигт байдлын үед хүн амд эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэхээс гадна хүнийг зовлон зүдгүүрт өртөхөөс сэргийлэх, учирсан зовлон зүдгүүрийг хөнгөвчлөх, шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харьяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос үл хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршино.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан зорилгыг биелүүлэхийн тулд Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрэм, Монгол Улсын олон улсын гэрээ болон олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний олон улсын чуулганы тогтоолд тодорхойлогдсон дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.2.1.зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж, энхийн цагт Женевийн конвенцид заасны дагуу үйл ажиллагаа явуулахад бэлтгэх, зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн энгийн иргэн болон цэргийн хохирогчийн нэрийн өмнөөс аливаа үйл ажиллагааг явуулахад бэлэн байх;

6.2.2.хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхөд хувь нэмэр оруулах;

6.2.3.гамшиг, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, хүн амд гамшгийн үед арга хэмжээ авах талаар мэдлэг олгох;

6.2.4.сайн дурын үйл ажиллагааг дэмжих, зэвсэгт мөргөлдөөн, гамшиг болон бусад хүчирхийлэлд өртсөн нэн эмзэг бүлгийн хүмүүст халамж үйлчилгээ үзүүлэх, амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төрд нэмэлт хүч болон ажиллах;

6.2.5.хөдөлгөөний үйл ажиллагааг хүүхэд, залуучуудын дунд өрнүүлэх, тэдний оролцоог бүх талаар дэмжих;

6.2.6.үүрэг хариуцлагынхаа дагуу ажиллах чадвартай боловсон хүчнийг ажилд авах, сургах, томилох;

6.2.7.олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хүндэтгэх, сурталчлах, хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хангах, олон улсын хүмүүнлэгийн хуулиар хамгаалагдсан Улаан загалмай, Улаан хавирган сар болон бусад таних тэмдгийг хамгаалах талаар төрийн байгууллагатай хамтран ажиллах;

6.2.8.олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон хөдөлгөөний үндсэн зарчмыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд таниулан сурталчлах;

6.2.9.сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөн өрнүүлэх, сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах;

6.2.10.гэр бүлийн хэлхээ холбоог сэргээх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

6.3.Монголын улаан загалмай нийгэмлэг нь зорилго, чиг үүрэгтээ хамаарах дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

6.3.1.хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг /сургалт, сурталчилгаа явуулах, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх/ эрхлэх;

6.3.2.гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад туслах, эрсдэлийг бууруулах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх;

6.3.3.гамшиг, осол, зэвсэгт мөргөлдөөн, нийтэд учирсан гамшигт байдлын үед хэнийг ч үл ялгаварлан анхны тусламж, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;

6.3.4.олон нийтийн оролцоонд түшиглэж нийгмийн эмзэг бүлэгт халамжийн үйлчилгээ үзүүлэх;

6.3.5.хүүхэд, залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх.

6.4.Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна.

7 дугаар зүйл. Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааны үндсэн зарчим

7.1.Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаанд хөдөлгөөний болон Монгол Улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг нэгэн адил баримтална.

8 дугаар зүйл. Монголын улаан загалмай нийгэмлэгийн бие даасан байдал, санхүүжилтийн эх үүсвэр

8.1.Монголын улаан загалмай нийгэмлэг нь үндэсний нийгэмлэгийн болон хөдөлгөөний дүрэм, холбооны үндсэн дүрэм, Женевийн конвенци, түүний нэмэлт протоколын дагуу өөрөө удирдах ёсны зарчмыг баримтлан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулна.

8.2.Монголын улаан загалмай нийгэмлэг нь хөдөлгөөний үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх бөгөөд төрийн байгууллага эдгээр зарчмыг хүндэтгэнэ.

8.3.Төрийн байгууллага нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1946 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Улаан загалмай, Улаан хавирган сар үндэсний нийгэмлэгийн асуудлаар баталсан 55 /1/ тогтоолд заасны дагуу Улаан загалмай нийгэмлэгийн бие даасан, сайн дурын байх үндсэн шинж чанарыг хүлээн зөвшөөрнө.

8.4.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэн Монголын улаан загалмай нийгэмлэгийн бие даасан байдал, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.

8.5.Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаанд төрийн болон нутгийн удирдлагын байгууллага бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

8.6.Монголын улаан загалмай нийгэмлэг нь санхүүжилтийн дараах эх үүсвэртэй байна:

8.6.1.Монгол Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн дэмжлэг;

8.6.2.дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хандив, тусламж;

8.6.3.Монголын улаан загалмай нийгэмлэгийн гишүүний татвар, хандив;

8.6.4.бусад орлого.

8.7.Монголын улаан загалмай нийгэмлэг нь өөрийн зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хуульд заасны дагуу аливаа өмчийг худалдан авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.

9 дугаар зүйл. Монголын улаан загалмай нийгэмлэгийн гишүүн, ажилтны ёс зүй

9.1.Монголын улаан загалмай нийгэмлэгийн гишүүн, ажилтны дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг олон улсын эрх зүйн холбогдох хэм хэмжээ, энэ хууль болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрмээр зохицуулна.

10 дугаар зүйл. Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагаас Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

10.1.Энэ хуулийн 6.2-д заасан чиг үүргийн дагуу Засгийн газар Женевийн конвенцийн хүрээнд дайнд нэрвэгдэгсдэд туслах, зэвсэгт мөргөлдөөн, нийтэд учирсан гамшиг, аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэгсдэд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлтгэл сургалт зохион байгуулах, хүмүүнлэгийн бусад арга хэмжээг хэрэгжүүлэх, мэдээлэл, сурталчилгаа хийхтэй холбогдсон зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, эдгээр ажлыг Монголын улаан загалмай нийгэмлэгтэй жил бүр гэрээ байгуулан санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2.Төрийн болон нутгийн удирдлагын байгууллага Монголын улаан загалмай нийгэмлэгийн зорилго, чиг үүрэгт хамаарах асуудлаар жилд нэгээс доошгүй удаа уулзалт зохион байгуулж, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллана.

10.3.Монголын улаан загалмай нийгэмлэг болон Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын хооронд байгуулах гэрээнд энэ хуулийн 6.3-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар тусгана.

ГУРАВДУГААР БҮЛЭГУЛААН ЗАГАЛМАЙН НЭР, ТАНИХ ТЭМДЭГ БОЛОН БЭЛГЭ ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ ЭРХ

11 дугаар зүйл. "Улаан загалмай" таних тэмдэг хэрэглэх эрх

11.1."Улаан загалмай" таних тэмдгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн Монголын улаан загалмай нийгэмлэг хэрэглэх эрхтэй.

11.2.Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсний дагуу цагаан дэвсгэр дээр дөрвөн талын урт нь тэнцүү хэмжээтэй дүрсэлсэн улаан загалмай нь хүмүүнлэгийн үйл ажиллагааны таних тэмдэг байна.

11.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт улаан загалмайн таних тэмдгийг хөдөлгөөний эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу өөрийн бэлгэдэл болгон хэрэглэх эрхийг Монголын улаан загалмай нийгэмлэг эдэлнэ.

11.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт улаан загалмайн таних тэмдгийг өөрийн далбаанд хэрэглэх эрхийг зөвхөн Монголын улаан загалмай нийгэмлэг эдэлнэ.

12 дугаар зүйл. Хөдөлгөөний таних тэмдэг хэрэглэх

12.1.Улаан загалмайн таних тэмдгийг хүмүүнлэгийн үйл ажиллагааны зорилгоор ашиглах бөгөөд түүнийг ялгах тэмдгийн болон хамгаалалтын тэмдгийн журмаар хэрэглэнэ.

12.2.Монголын улаан загалмай нийгэмлэг нь дайн, олон улсын болон олон улсын бус зэвсэгт мөргөлдөөн, нийтэд учирсан гамшигт байдлын үед шархадсан, өвчтэй, олзлогдсон, гамшиг, аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэгсдэд Женевийн конвенци, нэмэлт протоколын дагуу хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, тэдгээртэй адилтгах бусад төрлийн үйл ажиллагаа явуулахдаа тусламж шаардлагатай хүмүүс болон тусламж үзүүлэгчдийг хамгаалах зорилгоор "Улаан загалмай" таних тэмдгийг хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.3.Монголын улаан загалмай нийгэмлэг нь "Улаан загалмай" таних тэмдгийг гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хөдөлгөөний үндсэн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулахдаа ялгах тэмдгийн зориулалтаар хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.4.Монголын улаан загалмай нийгэмлэг, түүний салбар байгууллага нь “Улаан загалмай” таних тэмдгийг өөрийн байрлаж байгаа, эсхүл хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламж, тээврийн хэрэгсэлд байрлуулна.

12.5.Тайван цагт шархадсан хүн, өвчтөнд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, түүний тээврийн хэрэгсэлд улаан загалмайн таних тэмдэг хэрэглэх зөвшөөрлийг Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдах байгууллага олгож болно.

13 дугаар зүйл. Монголын улаан загалмай нийгэмлэгийн нэр, бэлгэ тэмдэг хэрэглэх

13.1.Монголын улаан загалмай нийгэмлэгийн бэлгэ тэмдэг дугариг хүрээтэй, төв хэсэгтээ цагаан дэвсгэр дээр улаан загалмайтай, хүрээний дээд хэсэг нь мөнх тэнгэрийг бэлгэдсэн хөх дэвсгэртэй, доод хэсэг нь Монгол Улсын төрийн далбааны өнгө дээр “МУЗН” гэсэн цагаан өнгийн дөрвөн үсэгтэй байна.

13.2.Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв, орон нутгийн байгууллага нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн бэлгэ тэмдэг болон цагаан дэвсгэр дээрх улаан загалмайн таних тэмдэг, “МУЗН” гэсэн дөрвөн үсгийг олон улсын болон дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс тус нийгэмлэгийн нэр дээр ирүүлсэн хандив, тусламжийн бараанд баталгаат тэмдэг болгон тавина.

13.3.Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хандив цуглуулах үйл ажиллагаанд байгууллага, аж ахуйн нэгж Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдах байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу Монголын улаан загалмай нийгэмлэгийн бэлгэ тэмдэг, улаан загалмайн таних тэмдгийг хэрэглэж болно.

14 дугаар зүйл. Улаан загалмайн нэр, бэлгэ тэмдэг, таних тэмдэг хэрэглэхийг хориглох

14.1.Улаан загалмайн нэр, бэлгэ тэмдэг, таних тэмдгийг 1949 оны Женевийн конвенци болон Монгол Улсын хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ

15.1.Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.