6 дугаар зүйл. Монголын улаан загалмай нийгэмлэгийн зорилго, чиг үүрэг

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Монголын улаан загалмай нийгэмлэгийн зорилго, чиг үүрэг

6.1.Монголын улаан загалмай нийгэмлэгийн зорилго нь зэвсэгт мөргөлдөөн ба нийтэд учирсан гамшигт байдлын үед хүн амд эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэхээс гадна хүнийг зовлон зүдгүүрт өртөхөөс сэргийлэх, учирсан зовлон зүдгүүрийг хөнгөвчлөх, шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харьяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос үл хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршино.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан зорилгыг биелүүлэхийн тулд Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрэм, Монгол Улсын олон улсын гэрээ болон олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний олон улсын чуулганы тогтоолд тодорхойлогдсон дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.2.1.зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж, энхийн цагт Женевийн конвенцид заасны дагуу үйл ажиллагаа явуулахад бэлтгэх, зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн энгийн иргэн болон цэргийн хохирогчийн нэрийн өмнөөс аливаа үйл ажиллагааг явуулахад бэлэн байх;

6.2.2.хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхөд хувь нэмэр оруулах;

6.2.3.гамшиг, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, хүн амд гамшгийн үед арга хэмжээ авах талаар мэдлэг олгох;

6.2.4.сайн дурын үйл ажиллагааг дэмжих, зэвсэгт мөргөлдөөн, гамшиг болон бусад хүчирхийлэлд өртсөн нэн эмзэг бүлгийн хүмүүст халамж үйлчилгээ үзүүлэх, амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төрд нэмэлт хүч болон ажиллах;

6.2.5.хөдөлгөөний үйл ажиллагааг хүүхэд, залуучуудын дунд өрнүүлэх, тэдний оролцоог бүх талаар дэмжих;

6.2.6.үүрэг хариуцлагынхаа дагуу ажиллах чадвартай боловсон хүчнийг ажилд авах, сургах, томилох;

6.2.7.олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хүндэтгэх, сурталчлах, хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хангах, олон улсын хүмүүнлэгийн хуулиар хамгаалагдсан Улаан загалмай, Улаан хавирган сар болон бусад таних тэмдгийг хамгаалах талаар төрийн байгууллагатай хамтран ажиллах;

6.2.8.олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон хөдөлгөөний үндсэн зарчмыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд таниулан сурталчлах;

6.2.9.сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөн өрнүүлэх, сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах;

6.2.10.гэр бүлийн хэлхээ холбоог сэргээх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

6.3.Монголын улаан загалмай нийгэмлэг нь зорилго, чиг үүрэгтээ хамаарах дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

6.3.1.хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг /сургалт, сурталчилгаа явуулах, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх/ эрхлэх;

6.3.2.гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад туслах, эрсдэлийг бууруулах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх;

6.3.3.гамшиг, осол, зэвсэгт мөргөлдөөн, нийтэд учирсан гамшигт байдлын үед хэнийг ч үл ялгаварлан анхны тусламж, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх;

6.3.4.олон нийтийн оролцоонд түшиглэж нийгмийн эмзэг бүлэгт халамжийн үйлчилгээ үзүүлэх;

6.3.5.хүүхэд, залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх.

6.4.Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.