13.8 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах
/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хийсэн гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3.Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж орон байранд, гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, бусдад дамжуулсан, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг олон нийтэд тараасан нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн шинжгүй бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Тайлбар: -Энэ бүлэгт заасан "эрх бүхий албан тушаалтан" гэж хуульд заасны дагуу мөрдөн шалгах, хэрэг бүртгэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий хүнийг ойлгоно. -Энэ зүйлд заасан “хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно. /Энэ зүйлийн тайлбарт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ зүйлийн тайлбарыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/