15.6 дугаар зүйл. Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

15.6 дугаар зүйл. Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Энэ гэмт хэргийг:

/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.хоёр, түүнээс олон хүний эсрэг;

/Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.2.хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.