16.1 дугаар зүйл. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
1.Арван найман насанд хүрсэн хүн хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж; хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг зохион байгуулалттай гэмт бүлэгт, найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./