18.18 дугаар зүйл. Үндэсний төлбөрийн системийн зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх
1.Үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн, эсхүл төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үндэсний төлбөрийн системийн оролцогч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн, эсхүл төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг хуурч, эсхүл хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсны улмаас бусдын эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад гурван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./