18.19 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Энэ гэмт хэргийг: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.1.бүлэглэж; /Энэ заалтын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.2.албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./