18.20 дугаар зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах /Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Виртуал хөрөнгийн хуурамч арилжаа хийсэн, эсхүл үнэ ханшийг зохиомлоор тогтоосон, эсхүл оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Энэ гэмт хэргийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан, эсхүл виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эцсийн өмчлөгч, хуулийн этгээдийн хувьцааны тав, түүнээс дээш хувийг эзэмшдэг хүн үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
Тайлбар:-Энэ зүйлд заасан “хуурамч арилжаа хийсэн” гэж виртуал хөрөнгийн арилжаанд оролцогч, харилцагчийг төөрөгдүүлэхийн тулд тодорхой виртуал хөрөнгийн өмчлөгч нь өөрчлөгдөөгүй боловч арилжаа идэвхтэй явагдаж байгаа дүр үзүүлэн хэлцэл хийх болон үгсэн хуйвалдах замаар тодорхой виртуал хөрөнгийг худалдах, худалдан авах үнийг ойролцоо түвшинд захиалах, хэлцэл хийхийг ойлгоно.
-Энэ зүйлд заасан “үнэ ханшийг зохиомлоор тогтоосон” гэж тодорхой виртуал хөрөнгийг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийхийг ойлгоно.
-Энэ зүйлд заасан “оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн” гэж бодит бус, төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч мэдэгдэл, амлалт, таамаг гаргах, нийтлэх, чухал үйл баримтыг нуун дарагдуулах, бодит үйл баримтын талаар худал мэдэгдэл хийх замаар болон тодорхой арга, хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хэлцлийн нөгөө тал болох этгээдийг төөрөгдүүлэхийг ойлгоно.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ