18.4 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчийн эрхийг зөрчих /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

18.4 дугаар зүйл. Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчийн эрхийг зөрчих /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1.Патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг, эсхүл патентаар хамгаалагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, зах зээлд нийлүүлсэн, импортолсон, худалдах санал гаргасан, худалдсан, хэрэглэсэн, эсхүл эдгээр зорилгоор хадгалсан, патентаар хамгаалсан аргыг хэрэглэсний улмаас патент эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ гэмт хэргийг:

2.1.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;

2.2.байнга тогтвортой үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.