18.5 дугаар зүйл. Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

18.5 дугаар зүйл. Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалынхаа байдлыг ашиглаж;

2.2.байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

5.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хоёр зуун мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн барааг хяналт шалгалтын үеэр, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй.

/Энэ зүйлийн тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.