2.7 дугаар зүйл. Гэмт хэрэгт бэлтгэх

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

2.7 дугаар зүйл. Гэмт хэрэгт бэлтгэх

/Энэ зүйлийн дугаарт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ.

2.Энэ хуульд гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн шинжийг хангасан бол тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.