2.8 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

2.8 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах

/Энэ зүйлийн дугаарт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.

2.Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.

3.Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.Гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ГЭМТ ХЭРЭГТ ХАМТРАН ОРОЛЦОХ

/Энэ бүлгийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.