4.6 дугаар зүйл. Тушаал, даалгавар биелүүлэх

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

4.6 дугаар зүйл. Тушаал, даалгавар биелүүлэх

1.Цэргийн алба хаагч, хууль сахиулагч дээд шатны албан тушаалтны бичгээр, амаар өгсөн заавал биелүүлэх тушаал, даалгаврыг хууль бус болохыг мэдэх боломжгүй, мэдэлгүйгээр биелүүлж энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй. Хууль бус тушаал, даалгавар өгсөн албан тушаалтныг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ хуульд заасан илэрхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хийлгэхээр өгсөн илт хууль бус тушаал, шийдвэр нь цэргийн алба хаагч, хууль сахиулагч өөрөө бие даан шийдвэрлэх ёстой албаны үүрэг, эрх мэдэлд хамаарахаар байтал уг даалгаврыг зориуд биелүүлсэн бол тухайн цэргийн алба хаагч, хууль сахиулагчийг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид, тушаал, даалгавар өгсөн албан тушаалтныг бусдыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Илт хууль бус тушаал, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тушаал, даалгавар өгсөн хүнийг уг гэмт хэргийг үйлдэхээр завдсанд тооцно.

ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ЗОРИЛГО, ТӨРӨЛ

/Энэ бүлгийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.