7.3 дугаар зүйл. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ
1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.
2.Шүүх дараах үүргийг хүлээлгэнэ:
2.1.гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах;
2.2.зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах;
2.3.тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх;
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.4.сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх;
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
2.5.оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.
3.Шүүх дараах хязгаарлалтыг тогтооно:
3.1.тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах;
3.2.галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох;
3.3.согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох;
3.4.тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох.
4.Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.
5.Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.
6.Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
7.Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хүн гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй ба цаашид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болно.
8.Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаа дууссаны дараа тухайн хүнд ял оногдуулах эсэхийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
9.Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хүнд хяналт тавих журмыг хуулиар тогтооно.