9.1 дугаар зүйл. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл
/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1.Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.
2.Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.Гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуульд заасан хуулийн этгээдийн нэгэн адил эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/