3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."эрүүл ахуй" гэж хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөхцөл, шаардлагыг;

3.1.2."хүрээлэн байгаа орчин" гэж хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлөх байгаль, нийгмийн орчныг;

3.1.3."эрүүл ахуйн нөхцөл, шаардлага" гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг;

3.1.4."эрүүл мэндийн эрсдэл" гэж хүний эрүүл мэндэд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангагдаагүйн улмаас үүсэж болзошгүй болон үүссэн сөрөг нөлөөг;

3.1.5."эрүүл, аюулгүй орчин" гэж хүрээлэн байгаа орчин эрүүл ахуйн нөхцөл, шаардлага бүрэн хангасан байхыг;

3.1.6."тандалт" гэж хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөллийг ажиглах, судлах, мэдээ, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, үнэлэх, мэдээлэх, хариу арга хэмжээг төлөвлөх үйл ажиллагааг;

3.1.7."эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт" гэж хүрээлэн байгаа орчин, бодис, бараа бүтээгдэхүүн дэх мэдрэхүй, хими, физик, биологийн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг;

3.1.8."зөвшөөрөгдөх дээд хэмжээ" гэж эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтэд заагдсан хүчин зүйлийн нөлөөлөл нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байх агууламжийг;

3.1.9."эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ" /цаашид "үнэлгээ" гэх/ гэж үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтоох, урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах арга замыг тодорхойлох, эерэг нөлөөллийг дэмжих ажиллагааг;

3.1.10."төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж" гэж ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдоогүй, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж, бохирын цооног, жорлонг;

3.1.11."эрүүл ахуйн хамгаалалтын бүс" гэж хүн, мал, амьтан, байгаль орчинд эрүүл мэндийн эрсдэл үзүүлэхгүй байхаар тогтоосон зурвас газрыг.

ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.