4 дугаар зүйл. Хүрээлэн байгаа орчинд тавих эрүүл ахуйн шаардлага

ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хүрээлэн байгаа орчинд тавих эрүүл ахуйн шаардлага

4.1.Хүн амыг ундны болон ахуйн дараахь нөхцөл, шаардлагыг хангасан усаар хангана:

4.1.1.ундны болон ахуйн ус нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан, аюулгүй байх;

4.1.2.ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээг эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах;

4.1.3.харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амыг энэ хуулийн 4.9-т заасан стандартыг хангасан ундны усаар тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлэх;

4.1.4.хүн амын хэрэглэж байгаа ундны болон ахуйн усны чанар, аюулгүй байдалд тухайн нутаг дэвсгэрийн төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамж хариуцсан байгууллага, албан тушаалтан холбогдох стандарт, дүрмийн дагуу хяналт, шинжилгээ хийж, усны чанарыг сайжруулах арга хэмжээг авах;

4.1.5.ус хангамж, ариун цэврийн байгууламжийн сүлжээнд эрсдэлийн үнэлгээг тогтмол хийлгэх, гарсан үнэлгээний дагуу арга хэмжээг авах үүргийг тухайн шатны Засаг дарга хүлээх.

4.2.Энэ хуулийн 4.1.5-д заасан эрсдэлийн үнэлгээ хийх зааврыг эрүүл мэндийн болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

4.3.Хүн амын оршин суугаа орчны агаар нь эрүүл ахуйн дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна:

4.3.1.хүний амьдрах, ажиллах, суралцах орчны агаар нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлөхгүй, агаарын чанарын нөхцөл, шаардлагыг хангасан, бохирдоогүй байх;

4.3.2.хөдөлгөөнт эх үүсвэр, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргаж, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашигладаг байгууллагаас гарч байгаа утаа, тоосны хэмжээ нь агаарын чанарын стандартыг хангасан байх.

4.4.Хүн амын суурьшлын хөрс нь эрүүл ахуйн дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна:

4.4.1.оршуулгын газар, хог хаягдлын зориулалтын цэг, ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж, ашиглах;

4.4.2.хүн, мал, амьтанд халдвар тараах, байгаль орчинд аюултай хог хаягдлыг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу цуглуулах, хадгалах, тээвэрлэх, тогтоосон тусгай цэгт булшлах буюу зориулалтын байгууламжид устгах;

4.4.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх;

4.4.4.энэ хуулийн 4.7-д заасан стандартын дагуу төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага барих, ашиглах.

4.5.Энэ хуулийн 4.4.2-т заасан хог хаягдлын жагсаалт, булшлах, устгах аргачлалыг эрүүл мэнд болон хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

4.6.Энэ хуулийн 4.4.3-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ногдох газартаа цэвэрлэгээ, арчилгаа хийж байгаа эсэхэд тухайн баг, хорооны Засаг дарга хяналт тавина.

4.7.Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийн стандартыг барилгын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

4.8.Цацраг идэвхт болон химийн хорт бодис, ионжуулдаг, ионжуулдаггүй туяа, физик хүчин зүйл /шуугиан, доргион, цахилгаан соронзон орон, радио долгион, хэт авиа зэрэг/-ийн үүсгүүр, нянгийн өсгөвөртэй ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэний аюулгүй ажиллагааны дүрмийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, биелэлтийг хангана.

4.9.Хүн амын ундны ус, хүний амьдрах орчны агаар, хөрсний эрүүл ахуйн стандартыг эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.