5 дугаар зүйл. Хот төлөвлөлт, барилга байгууламжид тавих эрүүл ахуйн шаардлага
5.1.Хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна.
5.2.Хүн амын суурьшлын бүсийг төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөд эрүүл ахуйн болон барилгын стандарт, норм, нормативыг үндэслэн энэ хуулийн 9.2-т заасан үнэлгээг хийнэ.
5.3.Барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.4.Барилгын материал нь эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт болон Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
5.5.Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрүүл мэндийн болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
5.6.Орон сууц, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, гудамж, зам, талбай нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.3.3, 9.3.4-т заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангахаар төлөвлөгдөж баригдана.
5.7.Орон сууц, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага нь барилгын орчны тохижилтыг Барилгын тухай хуулийн 3.1.11-д болон Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-т заасны дагуу төлөвлөж гүйцэтгэнэ.