8 дугаар зүйл. Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлага
8.1.Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, тэдгээрийн сав, баглаа боодол, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь Монгол Улсын болон олон улсын стандарт, норматив, техникийн баримт бичиг, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байна.
8.2.Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, өндөр эрсдэлтэй мал, амьтны гаралтайгаас бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг экспортлох, импортлоход эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.3.Экспортлох, импортлох түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, техник, технологи нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээтэй байна.
8.4.Дотоодын үйлдвэрлэгч нь үйлдвэрлэсэн түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийн чанар, аюулгүй байдал, үйл ажиллагааны үр дагаврыг өөрөө хариуцна.
8.5.Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэнэ.
8.6.Шинэ бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, материал, техник, технологи нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ