14 дугаар зүйл. Тариалангийн газрын зориулалт өөрчлөх
14.1.Тариалангийн газрын зориулалтыг өөрчлөхгүйгээр өөр бусад зориулалтаар эзэмших, ашиглахыг хориглоно.
14.2.Дараахь тохиолдолд тариалангийн газрын зориулалтыг өөрчилж болно:
14.2.1.тариалангийн газрын хөрсний үржил шим алдагдсан, элэгдэлд орсон, давсажсан, намагшсаны улмаас тариалангийн үйлдвэрлэлд тохиромжгүй болсон нь энэ хуулийн 26.2-т заасан шинжилгээгээр тогтоогдсон;
14.2.2.улсын тусгай хэрэгцээнд зориулан авсан.
14.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 14.2.1-д заасан шинжилгээний дүнд үндэслэсэн тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх талаарх Засаг даргын саналыг хэлэлцэж шийдвэр гаргана.
14.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг нэгтгэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулсны үндсэн дээр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
14.5.Энэ хуулийн 14.4-т заасан саналд тухайн газрын байршлыг харуулсан зураглал, агрохими болон агрофизикийн шинжилгээний дүн, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хавсаргасан байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.6.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.4-т заасан саналыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.