15 дугаар зүйл. Тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах
15.1.Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн газрыг газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээ (цаашид "гэрээ" гэх)-ний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулна.
15.2.Гэрээнд Газрын тухай хуулийн 34.6-д зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:
15.2.1.таримлын төрлөөр тариалах талбайн хэмжээ;
15.2.2.хөрс хамгаалах, сайжруулах арга хэмжээ;
15.2.3.энэ хуулийн 20.2-т заасан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үүрэг.
15.3.Гэрээг Газрын тухай хуулийн 34.8-д заасны дагуу жил бүр дүгнэхдээ сум, дүүргийн тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний санал, дүгнэлтийг тусгана.
15.4.Тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний загварыг газрын болон тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
15.5.Тариалангийн зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан ерөнхий хугацааг баримтлах бөгөөд 40 жилээс доошгүй байна.
15.6.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тариалангийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 38.1-д заасны дагуу шийдвэрлэх бөгөөд доор дурдсан шаардлагыг хангасан байна:
15.6.1.энэ хуулийн 26.2-д заасан шинжилгээний дүнгээр хөрсний үржил шимийг доройтуулаагүй нь тогтоогдсон байх;
15.6.2.хуульд заасан нөхцөл болзол, газар эзэмшүүлэх гэрээг зөрчөөгүй байх;
15.6.3.тариалангийн газрыг зориулалтын дагуу ашигласан байх.
15.7.Тариалангийн газрыг атаршуулсан, атар газрыг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хагалсан бол буруутай этгээд нөхөн сэргээж, хохирлыг барагдуулна.
15.8.Энэ хуулийн 15.7-д заасан газрыг нөхөн сэргээх, хохирол тооцох аргачлалыг тариалангийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ