19 дугаар зүйл. Төрөөс тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжүүлэх

ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Төрөөс тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжүүлэх

19.1.Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно.

19.3.Тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлж болно:

19.3.1.улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

19.3.2.тариалангийн салбарт гадаад улс, олон улсын байгууллагаас олгосон зээл, буцалтгүй тусламж;

19.3.3.гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдээс олгосон хандив, тусламж, хөрөнгө оруулалт;

19.3.4.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

19.4.Хандивлагч орон, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон зээл, буцалтгүй тусламжийг зөвхөн зориулалтын дагуу зарцуулна.

19.5.Энэ хуулийн 19.3-т заасан хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:

19.5.1.услалтын систем шинээр байгуулах, өргөтгөх, сэргээн засварлах, усан сан, хөв, цөөрөм байгуулах, усалгаатай тариалангийн талбайн хайгуул, судалгаа хийх;

19.5.2.тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ойн зурвас байгуулах;

19.5.3.үр тариа, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний сорт бүтээх, сорих, сортын үр, суулгац үржүүлэх, үйлдвэрлэх болон төмсний бичил булцуу үйлдвэрлэх;

19.5.4.үр тариа, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл хийх, засвар болон техникийн үйлчилгээний төв байгуулах;

19.5.5.төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хадгалалт-борлуулалтын тогтолцоог бүрдүүлэх, өвлийн хүлэмж байгуулах;

19.5.6.үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах.

19.6.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг тариалангийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

19.7.Энэ хуулийн 14.2.1-д заасан газрыг тариалангийн эргэлтэд оруулах зорилгоор хөрсний үржил шимийг сайжруулах арга хэмжээ авсан бол төрөөс дэмжлэг үзүүлж болно.

19.8.Мөнгөн урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэхэд техник, технологийн шинэчлэл хийсэн, хөрсний үржил шимийн хэвийн байдлыг хадгалсан, ургацын чанарыг тогтвортой дээшлүүлсэн, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдлыг харгалзана.

19.9.Энэ хуулийн 19.8-д заасан ургацын чанарыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр тодорхойлно.

19.10.Тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.

19.11.Дотоодын хэрэгцээнээс илүү гарсан тариалангийн бүтээгдэхүүнийг экспортлож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.