26 дугаар зүйл. Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанар

ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанар

26.1.Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарыг таримал ургамлын өсөлт, хөгжилтийг хангах үржил шим /ялзмаг/, шим тэжээлийн бодис, хөрсний элэгдэл, эвдрэлийн зэргийн үзүүлэлтээр тогтооно.

26.2.Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарын үзүүлэлтийг агрохими, агрофизикийн шинжилгээгээр тодорхойлно.

26.3.Агрохими, агрофизикийн шинжилгээг хөрсний сорьц шинжилгээний чиглэлээр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэл авсан лаборатори хийж гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.4.Агрохимийн шинжилгээг дараахь үзүүлэлтээр гаргана:

26.4.1.хөрсний 0-40 см хүртэл гүний ялзмаг;

26.4.2.нитратын азот;

26.4.3.хөдөлгөөнт фосфор;

26.4.4.хөдөлгөөнт кали;

26.4.5.бусад.

26.5.Агрофизикийн шинжилгээг дараахь үзүүлэлтээр гаргана:

26.5.1.хөрсний бүхэлшил;

26.5.2.хөрсний эвдрэл, элэгдлийн зэрэг;

26.5.3.усалгаатай тариалангийн газрын хөрсний намагжилт, давсжилт;

26.5.4.хөрсний нягт;

26.5.5.бусад.

26.6.Тариалангийн газрыг эзэмшигч, ашиглагч нь энэ хуульд зааснаас гадна нэмэлт үзүүлэлтээр шинжилгээ хийлгэж болно.

26.7.Агрохими, агрофизикийн шинжилгээг таван жил тутамд тариалангийн газрын эзэмшигч, ашиглагч өөрийн хөрөнгөөр хийлгэнэ.

26.8.Тариалангийн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулахаар анх удаа олгох, нөхөн олговортойгоор эргүүлэн авах, зориулалтыг өөрчлөхөд агрохими, агрофизикийн шинжилгээг хийлгэх бөгөөд зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

26.9.Тариалангийн зориулалттай газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд эрх шилжүүлж байгаа иргэн, хуулийн этгээд нь тариалангийн газарт агрохими, агрофизикийн шинжилгээг өөрийн зардлаар хийлгэсэн байна.

26.10.Агрохими, агрофизикийн шинжилгээ хийсэн итгэмжлэгдсэн лаборатори нь шинжилгээний дүнг кадастрын зурагт буулгаж, зөвлөмжийн хамт газар эзэмшигч, ашиглагчид болон тариалангийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

26.11.Агрохими, агрофизикийн шинжилгээний явцад зөрчил илэрвэл энэ тухай итгэмжлэгдсэн лаборатори сумын газрын даамал болон тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн газрын албанд мэдэгдэх үүрэгтэй.

26.12.Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарт хийсэн агрохими, агрофизикийн шинжилгээний дүн нь тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.