112 дугаар зүйл. Тусгай журмаар шийдвэрлэх маргаан
112.1.Дараахь төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ:
112.1.1.улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан;
112.1.2.аймаг хоорондын, эсхүл аймаг, нийслэлийн хоорондын маргаан;
112.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан;
112.1.4.Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д заасан маргаан;
/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./
112.1.5.Засгийн газар, Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
112.1.6.хуулиар тусгайлан заасан бусад маргаан. /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
112.2.Энэ хуулийн 112.1.3-т заасан маргааныг шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болно.
112.3.Энэ хуулийн 112.2-т зааснаас бусад 112.1-д заасан маргааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн хугацаа үйлчилнэ.
112.4.Дараахь төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ:
112.4.1.хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн маргаан; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
112.4.2.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан.
112.4.3.хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан.
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
112.5.Энэ хуулийн 112.4.1, 112.4.3-т заасан маргааныг хянан шийдвэрлэхэд хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
112.6.Шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан цахим системд байршуулсан баримт бичгээс бусад нотлох баримт гаргуулах, эсхүл цахим систем дэх баримт бичгийн үнэн зөвийг нотлох нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
112.7.Энэ хуулийн 112.1.3, 112.4.1, 112.4.2-т заасан маргааны нэхэмжлэлийг хариуцагч гардан авсанаас хойш долоо хоногийн дотор хариу тайлбар болон нотлох баримтаа шүүхэд ирүүлнэ.
112.8.Энэ хуулийн 112.4.3-т заасан гомдлыг хариуцагч гардан авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар ирүүлнэ.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
112.9.Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 15 дугаар дүгнэлтээр "Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй." гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 88 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсгийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
112.10.Шүүх энэ зүйлийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан цахим системээс нотлох баримтыг цахимаар авч шинжлэн судлах ба захиалагч болон бусад этгээд тоон гарын үсгээр баталгаажуулж цахим системд байршуулсан баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангасанд тооцно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
112.11.Энэ зүйлийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг энэ хуулийн 80.2-т заасан үндэслэл болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулах бол дараагийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдын саналыг харгалзан тогтоож, нэгээс илүүгүй удаа хойшлуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./