122 дугаар зүйл. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах
122.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 54.2, 61.1, 65.1, 109.2, 111.3 114.6, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
122.2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй.
122.3.Энэ хуулийн 112.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргасан бол уг гомдлыг тухайн шатны шүүх хянан шийдвэрлэнэ.
122.4.Энэ хуулийн 112.1.3, 112.4-т заасан маргааны хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй.
122.5.Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй.
122.6.Энэ хуулийн 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор давж заалдах шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж, дараахь тогтоол гаргана:
122.6.1.шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
122.6.2.шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг өөрчлөх;
122.6.3.шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох.
122.7.Энэ хуулийн 122.6-д заасан тогтоол эцсийн шийдвэр байна.
ХЯНАЛТЫН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА