123 дугаар зүйл. Хяналтын журмаар гомдол гаргах
123.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
123.2.Дараах үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргана:
123.2.1.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтын “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
123.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
123.2.3.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтын “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
123.2.4.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
123.3.Давж заалдах шатны журмаар хэлэлцээгүй хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.
123.4.Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.
123.5.Хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож, шүүгч захирамж, харин шүүх хуралдааны явцад татгалзвал хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, шүүх тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.
123.6.Хяналтын журмаар гомдол гаргасны дараа хэргийн оролцогчид эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
123.7.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг шүүгч тухайн хүсэлтэд хавсаргасан баримтын хүрээнд захирамж гарган шийдвэрлэнэ.