127 дугаар зүйл. Хяналтын шатны шүүх хуралдаан

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

127 дугаар зүйл. Хяналтын шатны шүүх хуралдаан

127.1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 105.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

127.2.Шүүх хяналтын журмаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:

127.2.1.шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;

127.2.2.шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах;

127.2.3.магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх;

127.2.4.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангах;

127.2.5.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах.

127.3.Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын журмаар гаргасан гомдлын болон гаргаж байгаа тогтоолын хуулийн үндэслэлийг тусгаж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

127.4.Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын гомдлын болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тус тус тусгана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

127.5.Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

127.6.Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.