128 дугаар зүйл. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан /Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
128.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 127.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.
128.2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч энэ хуулийн 114.4, 114.5, 124.1, 124.2-т заасан журмын дагуу хэргийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Энэ хуулийн 128.1-д заасны дагуу гомдол гаргасан этгээдэд энэ хуулийн 48.1, 48.3-т заасан журам хамаарахгүй.
128.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.
128.4.Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хуульд харшилсан гэж дүгнэлт гаргасан бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
128.5.Энэ хуулийн 128.4-т заасан тохиолдолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан явуулах тухай шийдвэр гаргаж, хуралдааны тов тогтооно.
128.6.Энэ хуулийн 128.4-т заасан хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргална.
128.7.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.