26 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах
26.1.Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно.
26.2.Захиргааны байгууллагын эрх залгамжлах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
26.3.Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.