27 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллагыг төлөөлөх
27.1.Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна.
27.2.Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө.
27.3.Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө.
27.4.Итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байна:
27.4.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
27.4.2.олгосон он, сар, өдрийг заах;
27.4.3.хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;
27.4.4.захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах;
27.4.5.итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.
27.5.Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.
27.6.Тодорхой хугацаагаар олгосон итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
27.7.Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.
27.8.Захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөх бөгөөд энэ хуулийн 27.7 дахь хэсэг хамаарахгүй.