30 дугаар зүйл. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох
30.1.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.
30.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно.
30.3.Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:
30.3.1.захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах;
30.3.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх, хасуулах, шинэ нотлох баримт шаардах болон хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, шинжээч томилуулах санал, хүсэлт гаргах;
30.3.3.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг хуульд заасан үндэслэл байвал татгалзан гаргах хүсэлт гаргах;
30.3.4.шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах;
30.3.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэргийн оролцогч, бусад оролцогчид асуулт тавих, үйлчлүүлэгчийнхээ гаргаж байгаа мэдүүлэг, тодорхойлолтод тайлбар хийх;
30.3.6.шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, холбогдох санал, хүсэлтээ бичгээр гаргах;
30.3.7.хуульд заасан бусад эрх.
30.4.Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:
30.4.1.хууль зүйн туслалцаа авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцох;
30.4.2.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон өмгөөлөгч, хуульчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;
30.4.3.үйлчлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах;
30.4.4.өмгөөллийн үйл ажиллагааны явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүн болон үйлчлүүлэгчийн нууцыг задруулахгүй байх;
30.4.5.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;
30.4.6.үйлчлүүлэгчийн хууль бус шаардлагаас татгалзах;
30.4.7.хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх.
НОТЛОХ БАРИМТ