29 дугаар зүйл. Төлөөлөн оролцож болохгүй байдал, төлөөлөл дуусгавар болох үндэслэл
29.1.Дараахь этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглоно:
29.1.1.насанд хүрээгүй, эрх зүйн зарим болон бүрэн бус чадамжтай, чадамжгүй хүн;
29.1.2.гуравдагч этгээд, гэрчээр оролцсон этгээд;
29.1.3.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, мөрдөгч.
/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.2.Төлөөлөл дараахь үндэслэлээр дуусгавар болно:
29.2.1.төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан;
29.2.2.төлөөлүүлэгч өөрийн олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон;
29.2.3.хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон;
29.2.4.хуулийн этгээд татан буугдсан;
29.2.5.итгэмжлэлийн хугацаа дууссан.
29.3.Төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд шүүхэд даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдээгүйгээс гарах үр дагаврыг төлөөлүүлэгч хариуцна.