37 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлэг

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлэг

37.1.Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.

37.2.Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.

37.3.Мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна.

37.4.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно.

37.5.Гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс эрх бүхий байгууллагад даалгаж, холбогдох зардлыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно.

37.6.Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно.

37.7.Шүүгч нүүрэлдүүлэн мэдүүлэг авахдаа гэрчүүдээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асуух бөгөөд тодруулах гэж байгаа зүйлийн талаар гэрчүүдээс ээлжлэн мэдүүлэг авна.

37.8.Мэдүүлэг өгсний дараа шүүгч гэрчүүдээс асуулт асууж болох бөгөөд харилцан нүүрэлдэж байгаа гэрчүүд бие биенээсээ асуулт асууж болохгүй.

37.9.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

37.10.Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй:

37.10.1.үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч;

37.10.2.иргэний эрх зүйн чадамжгүй этгээд.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.