42 дугаар зүйл. Тэмдэглэл
42.1.Дараахь тохиолдолд шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэнэ:
42.1.1.анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд;
42.1.2.давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байгаа бол.
42.2.Үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны үед тэмдэглэл үйлдэнэ.
42.3.Тэмдэглэлийг энэ хуулийн 8.1-д заасан шаардлагад нийцүүлэн үйлдэнэ.
42.4.Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны үед шүүгчийн даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ.
42.5.Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон болон байлцсан хүн нэг бүрийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ.
42.6.Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон болон байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө.
42.7.Энэ хуулийн 42.2-т заасан тэмдэглэлд уг ажиллагааг явуулсан этгээд, оролцсон болон байлцсан бүх хүн гарын үсэг зурна. Тэдгээр нь гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.
42.8.Тэмдэглэлд гэрэл зураг, зураглал, ул мөрнөөс буулгаж авсан хэв болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад зүйлийг хавсаргаж болох бөгөөд тэмдэглэлд энэ тухай заана.