82 дугаар зүйл. Шүүх хуралдааны нийтлэг журам
82.1.Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй.
82.2.Шүүх хуралдаанд оролцогч тайлбар, мэдүүлэг өгөх, дүгнэлт гаргахдаа суудлаасаа босно. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас суудлаасаа босч чадахгүй бол хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр суугаагаар үг хэлж болно.
82.3.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн хуралдааны танхимд орж ирэх, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед танхимд байгаа бүх хүн суудлаасаа босно.
82.4.Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Зөрчлийг дахин гаргасан этгээдийг хуралдаан даргалагчийн шийдвэрээр шүүх хуралдааны танхимаас гаргаж, энэ хуулийн 83 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулна.
82.5.Зөрчлийн улмаас хэргийн оролцогч, бусад оролцогчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан тохиолдолд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах, эсхүл тэдгээрийн тайлбар, мэдүүлэг, дүгнэлтийг сонсохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл үргэлжлүүлэн явуулах бөгөөд хуралдаан даргалагч уг этгээдэд түүний байхгүйд хэлэлцсэн асуудлыг танилцуулна.