10 дугаар зүйл. Хэсэг, түүнийг байгуулах
10.1.Санал асуулгыг Улсын Их Хурлын эсхүл, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулж байгаа бол сонгуулийн санал авах хэсэг нь санал асуулгын санал авах хэсэгтэй нэг байна.
10.2.Санал асуулгыг дангаар явуулж байгаа бол иргэдээс санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн хэсгийг санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.3.Нэг хэсэг нь суманд 2000-аас, аймгийн төвд 2500-аас, нийслэлийн дүүрэгт 3000-аас дээшгүй санал өгөх иргэнтэй байх бөгөөд нэг хэсэгт байх санал өгөх иргэний тоо 200-аас доошгүй байна.
10.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 10.1-д заасны дагуу байгуулсан хэсгийн мэдээллийг аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагад нэн даруй хүргүүлэх бөгөөд аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллага нь хүлээн авсан мэдээллийг аймаг, дүүрэг тус бүрийн хэмжээнд нэгтгэн тав хоногт улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.5.Энэ хуулийн 10.4-т заасан мэдээллийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэсгийн дугаарыг тухайн аймаг, дүүргийн хэмжээнд давхардахгүй байхаар тав хоногийн дотор тогтооно.