19 дугаар зүйл. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл

19.1.Дараахь барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:

19.1.1.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах;

19.1.2.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх;

19.1.3.өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх;

19.1.4.даацын хийц, бүтээц, эдлэхүүн, материал түүний түүхий эд болон шатамхай, химийн хортой, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

19.2.Энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн бүртгэлийг хөтөлж, мэдээллийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.3.Тусгай зөвшөөрлийг барилга байгууламжийн төвөгшил болон тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны төрөл, тогтвортой байдлыг харгалзан хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу дараах зарчмаар шатлан ахиулж олгоно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.3.1.энэ хуулийн 33.1.15-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд бага төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.3.2.бага төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй, тухайн чиглэлээр нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулж, гүйцэтгэсэн ажлаа тогтоосон хугацаанд тайлагнадаг хуулийн этгээдэд дунд төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.3.3.дунд төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй, тухайн чиглэлээр гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулж, гүйцэтгэсэн ажлаа тогтоосон хугацаанд тайлагнадаг хуулийн этгээдэд өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.3.4.өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.3.5.хуулийн этгээдийн барилгын материалын үйлдвэрийн бага, дунд, өндөр хүчин чадлыг нь харгалзан энэ хуулийн 19.3-т заасан зарчмын дагуу барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.3.6.энэ хуулийн 33.1.15-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд энэ хуулийн 19.3.1, 19.3.2, 19.3.3, 19.3.4-т зааснаас бусад ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.