20 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох

20.1.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.2.Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхартай барилга, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн барилга байгууламжийн хувьд олгох бөгөөд барилгын ажил гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.3.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан хуулийн этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан байгууллагад бүрдүүлж өгнө: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.3.1.мэргэжилтнүүдийн талаархи мэдээлэл;

20.3.2.багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт болон тодорхойлолт, үйлдвэрлэлийн байрны талаархи мэдээлэл;

20.3.3.шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 20.3.2-т заасан тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бусад хуулийн этгээдээс авч ашиглах тухай гэрээний хуулбар;

20.3.4.энэ хуулийн 20.2-т заасан барилга байгууламжийн хувьд зураг төсөлд хийгдсэн магадлалын дүгнэлт.

20.3.5.барилгын материал үйлдвэрлэгч хуулийн этгээдийн тухайд тохирлын гэрчилгээ. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.4.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан энэ хуулийн 20.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахыг хориглоно.

20.5.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгоно.

20.6.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгах харилцааг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.7.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан барилгын ажлын зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлнэ.

20.8.Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, олон нийтэд мэдээлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.8.1.энэ хуулийн 12, 13, 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөнийг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтны дүгнэлтээр тогтоосон; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.8.2.тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хоёр жил дараалан эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагааны мэдээ, тайланг энэ хуулийн 33.1.17-д заасан барилга байгууламжийн баримт бичгийн дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон чиг үүргийг нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдэд жил бүр хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.10.Энэ хуулийн 20.2-т заасан барилга байгууламжийн зураг төслийг давтан хэрэглэхэд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахгүй.

20.11.Энэ хуулийн 4.1.24-т заасан ажлыг тухайн барилгын ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд гүйцэтгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.12.Энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан тусгай зөвшөөрлийн өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах баримт бичгийг нэмэлтээр хавсаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.12.1.энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хянан баталгаажуулсан холбогдох мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.12.2.энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан барилга байгууламжийн ажлын зураг төсөлд хийсэн магадлалын дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.12.3.өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.13.Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээхтэй холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.