30.1.Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно.
30.2.Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана.
30.3.Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн 30.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.
30.4.Энэ хуулийн 30.2-т заасны дагуу хүсэлт гаргаагүй, барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан бол энэ хуулийн 27.2, 28.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна.
30.5.Энэ хуулийн 27.1.2-т заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ