33 дугаар зүйл. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
33.1.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын үйл ажиллагааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
33.1.1.барилгын талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх;
33.1.2.энэ хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг батлах;
33.1.3.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам батлах;
33.1.4.инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, барилга техникийн нэгдсэн бодлогыг тодорхойлж зохицуулалтаар хангах;
33.1.5.барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн журам батлах;
33.1.6.нутгийн захиргааны барилгын асуудал эрхэлсэн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
33.1.7.барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.1.8.барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ажиллах журам батлах;
33.1.9.барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм батлах;
33.1.10.санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индекс барилгын ажилтны тарифт цалинг батлах;
33.1.11.туршилт, шинжилгээ судалгааны ажил эрхлэх нэгдсэн лабораторийн дүрмийг батлан, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих;
33.1.12.архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам батлах;
33.1.13.барилга байгууламжийн цахим тооцооллын программ хангамжийг баталгаажуулж, хэрэглэх журмыг батлах;
33.1.14.барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам батлах;
33.1.15.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тавих нөхцөл, шаардлага болон үйлчилгээний хөлс тогтоох, хяналт тавих журмыг батлах; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.1.16.хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олголт, барилга байгууламжийн чанар, паспортжуулалт, ашиглалт, бүртгэлийн асуудлаар аймаг, нийслэлийн Засаг даргын тайланг хэлэлцэх;
33.1.17.улсын хэмжээнд барилгын талаар нэгтгэж гаргах салбарын бүртгэл, мэдээллийн маягтыг Бүртгэл, статистикийн үндэсний хороотой хамтран батлах;
33.1.18.барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх журмыг батлах;
33.1.19.экспорт, импортын барилгын материал, тоног төхөөрөмж, машин механизм, түүхий эдийн бүртгэлийн "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийг жил бүр холбогдох байгууллагатай хамтран өргөтгөн боловсронгуй болгох;
33.1.20.барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээний загвар батлах;
33.1.21.барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм батлах;
33.1.22.барилгын үйл ажиллагаанд холбогдсон зөвшөөрөл олгох хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх болон барилгын салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нийтлэг журам батлах;
33.1.23.энэ хуулийн 20.2-т заасан барилга байгууламжийг барих барилгын ажлын зөвшөөрлийг олгох, ашиглалтад оруулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
33.1.24.барилгын салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
33.1.25.барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын ажиллах зардлын жишиг хэмжээг барилга байгууламжийн төвөгшил, хэмжээг харгалзан тогтоох. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
33.1.26.хууль тогтоомжид заасан бусад эрх. /Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./