49 дугаар зүйл. Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ, паспортжуулалт
49.1.Энэ хуулийн 48.1-д заасны дагуу ашиглалтад оруулсан барилга байгууламжид барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж, ажлын долоон өдрийн дотор ашиглалтын гэрчилгээ олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
49.2.Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ чанар, аюулгүй байдлын түвшингээр дараахь төрөлтэй байна:
49.2.1.шинээр баригдаж ашиглалтад орсон ашиглалтын шаардлага хангасан барилга байгууламжид ногоон өнгийн;
49.2.2.засвар, шинэчлэлт хийгдэж, ашиглалтын шаардлага хангах боломжтой нь паспортжуулалтаар тогтоогдсон ашиглагдаж байгаа барилга байгууламжид шар өнгийн;
49.2.3.ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь паспортжуулалтаар тогтоогдсон ашиглагдаж байгаа барилга байгууламжид улаан өнгийн;
49.3.Ашиглагдаж байгаа барилга байгууламжийн бат бэх, найдвартай ажиллагааны түвшинг энэ хуулийн 49.5-д заасан журмын дагуу энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага паспортжуулж, энэ хуулийн 49.2-т заасан тохирох гэрчилгээг энэ хуулийн 49.1-д заасан эрх бүхий этгээд олгоно.
49.4.Энэ хуулийн 49.2.2-т заасан барилга байгууламжид засвар, шинэчлэлт хийж, ашиглалтын шаардлага хангасан бол энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага ашиглалтад оруулж, энэ хуулийн 49.1-д заасны дагуу ногоон өнгийн гэрчилгээ олгоно.
49.5.Энэ хуулийн 49.1-д заасан барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
БУСАД ЗҮЙЛ