18 дугаар зүйл. Корпораци

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Корпораци

18.1.Корпорацийг үүсгэн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, Улсын Их Хуралд танилцуулна.

18.2.Корпораци хөрөнгө оруулах шийдвэрийг мандат, хөрөнгө оруулалтын стратегийн хүрээнд, бусад байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар, бие даан гаргана.

18.3.Корпораци Монголбанкинд төгрөгийн болон валютын харилцах данстай байна.

18.4.Корпорацийн Монголбанк дахь төгрөг болон гадаад валютын дансны хооронд хийх гүйлгээг Монголбанкнаас зарласан тухайн өдрийн албан ёсны ханшаар Монголбанк гүйцэтгэнэ.

18.5.Корпораци хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын, дотоод хяналтын асуудал хариуцсан дотоод бүтцийн нэгжтэй байна.

18.6.Корпорацийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг Засгийн газар тогтооно.

18.7.Корпорацийн дүрмийг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

18.8.Корпорацийн дүрэмд дараахь зүйлийг заавал тусгана:

18.8.1.корпорацийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;

18.8.2.корпорацийн хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

18.8.3.удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;

18.8.4.Корпорацийн үйл ажиллагааны чиглэл;

18.8.5.Корпорацийн дүрэмд тусгахаар хуульд заасан бусад зүйл.

18.9.Корпорацийн дүрэмд хууль тогтоомжтой зөрчилдөөгүй бусад зүйлийг тусгаж болно.

18.10.Корпораци үйл ажиллагаандаа корпорацийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.