20 дугаар зүйл. Нэр дэвшүүлэх хороо
20.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэр дэвшүүлэх хороонд ажиллах иргэдийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийн сантай байна. Мэдээллийн санг дараахь журмаар бүрдүүлнэ:
20.1.1.энэ хуулийн 20.4-д заасан шаардлагыг хангасан иргэдэд тусгайлан урилга өгөх замаар 20-иос доошгүй иргэнийг;
20.1.2.нээлттэй сонгон шалгаруулалтаар энэ хуулийн 20.4-т заасан шаардлагыг хангасан 50-иас доошгүй иргэнийг.
20.2.Энэ хуулийн 20.1.1-д заасан тусгайлсан урилгаар нэрсийн жагсаалтыг бүрдүүлэхдээ эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, иргэдийн төлөөллийг зохистой хамруулах зарчмыг баримтална.
20.3.Энэ хуулийн 20.1.1-д заасан урилга хүргүүлэх ажил, энэ хуулийн 20.1.2-т заасан сонгон шалгаруулалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
20.4.Нэр дэвшүүлэх хорооны гишүүн дараахь шаардлагыг хангасан байна:
20.4.1.Корпорацийн удирдах зөвлөлийн гишүүнд өрсөлдөхөөр өргөдөл, хүсэлт гаргаагүй байх;
20.4.2.энэ хуулийн 15.3.1, 15.3.2, 15.3.3, 15.3.4, 15.3.5, 15.3.6-д заасан шаардлагыг хангасан байх.
20.5.Ерөнхий сайд дараахь хэлбэрийн аль нэгийг сонгох замаар нэр дэвшүүлэх хороог тухай бүр байгуулна: /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.5.1.энэ хуулийн 20.1-д заасан жагсаалтаас таван иргэний нэрийг сугалаагаар тодруулах зарчмаар санамсаргүй байдлаар сонгох;
20.5.2.энэ хуулийн 20.1-д заасан жагсаалтад байгаа нийт иргэдийг нэр дэвшүүлэх хороо болгон зохион байгуулах.
20.6.Нэр дэвшүүлэх хороо байгуулагдсанаас хойш 8 цагийн дотор удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг, энэ хуулийн 15.8-д заасан тохиолдолд хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж Ерөнхий сайдад шийдвэрээ танилцуулна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.7.Ерөнхий сайд нэр дэвшүүлэх хорооны шийдвэрийг үндэслэн удирдах зөвлөлийн гишүүнтэй, энэ хуулийн 15.8-д заасан тохиолдолд хяналтын зөвлөлийн гишүүнтэй гэрээ байгуулна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.8.Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг, энэ хуулийн 15.8-д заасан тохиолдолд хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх хорооны нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.
20.9.Энэ хуулийн 20.5.2-т заасны дагуу нэр дэвшүүлэх хороог зохион байгуулсан бол жагсаалтад байгаа нийт гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор санал хүчин төгөлдөр болно.
20.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын түвшинд үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр удирдах зөвлөлийн гишүүнд тавих шаардлага хангасан этгээдүүдийн жагсаалтыг гаргаж, удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг гүйцэтгэнэ.
20.11.Нэр дэвшүүлэх хорооны эрх хэмжээ нь энэ хуулийн 20.5.1-д заасны дагуу байгуулагдсан бол шийдвэрийг танилцуулснаар, энэ хуулийн 20.5.2-т заасны дагуу байгуулагдсан бол саналаа өгснөөр дуусгавар болж, татан буугдана.
20.12.Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам, нэр дэвшүүлэх хороонд ажиллах гишүүнд урамшуулал олгох журмыг Ерөнхий сайд батална. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./