25 дугаар зүйл. Корпорацийн гүйцэтгэх удирдлага

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Корпорацийн гүйцэтгэх удирдлага

25.1.Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг /цаашид "гүйцэтгэх удирдлага" гэх/ хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлнэ.

25.2.Гүйцэтгэх удирдлагыг хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлэх шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.

25.3.Гүйцэтгэх удирдлага нь Корпорацийн дүрэм болон удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.

25.4.Гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.

25.5.Гүйцэтгэх удирдлага нь удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, Корпорацийг төлөөлөх зэргээр Корпорацийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.

25.6.Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор багийн гишүүдийн ажиллах дотоод журмыг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдөнө.

25.7.Энэ хуулийн 25.6-д заасан баг удирдах зөвлөлийн өмнө гэрээ болон Корпорацийн дүрэм, холбогдох хууль тогтоомжийн дагуу хамтын хариуцлага хүлээнэ.

25.8.Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч баг энэ хуулийн 25.5-д заасны дагуу гэрээ, хэлцэл хийх, төлөөллийг хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийг төлөөлж багийн ахлагч гарын үсэг зурна.

25.9.Энэ хуулийн 25.8-д заасан багийн ахлагчийг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн багийн гишүүд сонгох бөгөөд багийн ахлагч Корпорацийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэнэ.

25.10.Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн хурал, гаргасан шийдвэрийн тэмдэглэлийг заавал хөтлөх бөгөөд уг тэмдэглэлийн үнэн зөвийг Гүйцэтгэх захирал биечлэн хариуцна.

25.11.Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй.

25.12.Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд Корпорацийн гүйцэтгэх захирал байна.

25.13.Гүйцэтгэх удирдлага дараахь үндсэн эрх, үүрэгтэй байна:

25.13.1.удирдах зөвлөлөөс баталсан хөрөнгө оруулах стратегийг хэрэгжүүлэх;

25.13.2.Корпорацийн дүрэм, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд Корпорацийг төлөөлөх;

25.13.3.санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар холбогдох шийдвэрийг гаргах;

25.13.4.Корпорацийн жилийн төсвийг боловсруулан батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулах;

25.13.5.Корпорацийн захирлуудыг гэрээ байгуулан ажиллуулах, Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлж байгаа тохиолдолд багийн бүрэлдэхүүнд ороогүй захиралтай гэрээ байгуулан ажиллуулах;

25.13.6.Корпорацийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах;

25.13.7.удирдах зөвлөлөөс олгогдсон эрх хэмжээний хүрээнд, удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамруулснаас бусад журам, заавар, аргачлалыг батлах;

25.13.8.хөрөнгө оруулах хэрэгсэлд хөрөнгө оруулах үнэлгээний журмыг тогтоож, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах;

25.13.9.мандат, хөрөнгө оруулалтын стратегийн дагуу Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулах хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

25.13.10.Корпорацийн хөрөнгө оруулах хэрэгсэлд байршуулсан хөрөнгийн өгөөж, цаашдын хандлагын талаар санал боловсруулан удирдах зөвлөлд танилцуулах;

25.13.11.төсөвт шилжүүлэх боломжтой Сангийн цэвэр орлогын хэмжээг тооцож, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгуулахаар төсвийн цаглабарын дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад удирдах зөвлөлөөр дамжуулан хүргүүлэх;

25.13.12.Корпорацийн дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

25.14.Гүйцэтгэх удирдлага дараахь шаардлагыг хангасан байна:

25.14.1.энэ хуулийн 15.4.1, 15.4.2, 15.4.4-т зааснаас бусад этгээд байх;

25.14.2.энэ хуулийн 15.3.1, 15.3.2, 15.3.3, 15.3.6-д заасан шаардлагыг хангасан байх;

25.14.3.санхүү, хөрөнгө оруулах үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшинд 10-аас доошгүй жил, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;

25.14.4.гүйцэтгэх захирал буюу багийн ахлагч 25.14.2, 25.14.3-т зааснаас гадна Ерөнхий сайдын тогтоосон хэмжээнээс багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгийг удирдаж байсан байгууллагад хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд шийдвэр гаргах түвшинд 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жил нь удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.14.5.хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага хариуцсан захирлууд Ерөнхий сайдын тогтоосон хэмжээнээс багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгийг удирдаж байсан байгууллагад ижил түвшний албан тушаал эрхэлж байсан, эсхүл энэ төрлийн байгууллагад тухайн чиглэл, мэргэжлээр ахлах түвшинд 10-аас доошгүй жил ажилласан байх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.14.6.удирдах зөвлөлийн үндэслэл бүхий, шаардлагатай гэж үзсэн бусад.

25.15.Гүйцэтгэх удирдлага бусад байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.

25.16.Гүйцэтгэх удирдлага ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчтэй байх зэрэг тохиолдолд удирдах зөвлөлөөс урьдчилан тогтоосон этгээдэд өөрийн бүрэн эрхийг тушаалаар шилжүүлж болох бөгөөд ийнхүү эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

25.17.Гүйцэтгэх удирдлага хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн нь эрх бүхий этгээд, хөндлөнгийн хяналтын байгууллагаас тогтоогдсон тохиолдолд удирдах зөвлөлөөс гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээг цуцалж болно.

25.18.Гүйцэтгэх удирдлага Сангийн хөрөнгийн бүртгэл, хадгалалт, гүйлгээ болон бусад шаардлагатай үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий кастодианы байгууллагаар гүйцэтгүүлнэ.

25.19.Гүйцэтгэх удирдлага удирдах зөвлөлийн зөвшөөрөлтэйгээр Сангийн хөрөнгийн зарим хэсгийг гэрээний үндсэн дээр хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гүйцэтгүүлж болно.

25.20.Хөндлөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы байгууллага болон Корпорацийн хооронд байгуулах гэрээг удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэх удирдлага байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.