6 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Сангийн хөрөнгийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх

6.1.Энэ хуулийн 5.1.1-д заасан хараат бус байх зарчмыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

6.1.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй байх;

6.1.2.энэ хуульд зааснаар сонгон шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулахад төрийн байгууллага, албан тушаалтнаас аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй байх;

6.1.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, энэ хуульд зааснаар шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг хэрэгжүүлэхэд бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даасан байх;

6.1.4.зөвлөх баг, Удирдах зөвлөл, нэр дэвшүүлэх хороо, хяналтын зөвлөлийн гишүүд, Сангийн үйл ажиллагаанд оролцогч этгээд, Корпорацийн эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлага, ажилтан ашиг сонирхлын зөрчилтэй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсч болох шийдвэр гаргахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байх;

6.1.5.энэ хуульд заасан Корпорацийн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, хяналтын зөвлөлийг өрсөлдөхүйц цалин хөлсөөр хангах.

6.2.Энэ хуулийн 5.1.2-т заасан ил тод байх зарчмыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

6.2.1.Сангийн хөрөнгийн удирдлагын талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд энэ хуульд заасан журмын дагуу ойлгомжтой, хүртээмжтэй мэдээлж байх;

6.2.2.энэ хуульд олон нийтэд мэдээлэхээр заасан мэдээллийг тогтоосон хугацаанд мэдээлэх.

6.3.Энэ хуулийн 5.1.3-т заасан Сангийн хөрөнгийг зохистой удирдах зарчмыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

6.3.1.Сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, түүнийг арвижуулах;

6.3.2.болзошгүй алдагдлыг хамгийн бага байлгах, илүүдэл эрсдэл хүлээхгүй байхаар өгөөжийн зорилтот түвшинг зохистой тодорхойлох;

6.3.3.өгөөжийг мандатад заасан түвшинээс багагүй байлгах хөрөнгө оруулалтын багцыг оновчтой тодорхойлох;

6.3.4.хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлэхдээ эрсдэл-өгөөжийн нөхцөлийг сайжруулах чиглэл баримтлах;

6.3.5.хөрөнгө оруулах стратеги, эрсдэлийн түвшин болон хөрөнгө оруулалтын багцыг зах зээлийн хувьсал, эрсдэл-өгөөжийн зорилтын өөрчлөлтөд нийцүүлэн байнга хянан тохируулах;

6.3.6.хөрөнгө оруулах шийдвэр нь тооцоо, судалгаанд суурилсан үндэслэлтэй байх;

6.3.7.эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой орчин бүхий зах зээл, улсад хөрөнгө оруулах;

6.3.8.эрсдэлийг хэт төвлөрүүлэхгүй байх, хөрвөх чадварын зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;

6.3.9.эрсдэлийг зохистой удирдах бүтэц, арга, хэрэгсэлтэй байх;

6.3.10.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд Корпорацийн хүлээсэн төлбөрийн үүргийг Сангийн хөрөнгөөр хүлээхгүй байх;

6.3.11.олон улсын үндэсний баялгийн сангуудын баримталдаг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг баримтлах.

6.4.Энэ хуулийн 5.1.4-т заасан Сангийн хөрөнгийг үр ашигтай удирдах зарчмыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

6.4.1.Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ мандатад заасан өгөөжийн зорилтот түвшинг хангаж ажиллах;

6.4.2.Сангийн хөрөнгийг урт хугацаанд өгөөжтэй байхаар байршуулах.

6.5.Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ:

6.5.1.мандат, хөрөнгө оруулалтын стратегийг чанд мөрдөж ажиллах;

6.5.2.Сангийн хөрөнгийг Корпорацийн хөрөнгөөс тусгаарласан байх;

6.5.3.Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн байх;

6.5.4.энэ хууль болон бусад хуульд заасан тайлан, дүгнэлт, шийдвэр, зөвлөмжийг хуульд заасан хугацаанд гаргах;

6.5.5.хөрөнгө оруулалт хийж болохгүй хуулийн этгээдэд хөрөнгө оруулахгүй байх;

6.5.6.Сангийн нэр хүндэд харш аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх;

6.5.7.Сангийн хөрөнгийг улс төрийн үйл ажиллагаа явуулах болон санхүүжүүлэхэд ашиглахгүй байх.

САНГИЙН ЭХ ҮҮСВЭР, ЗАРЦУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.