10 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг
10.1.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ:
10.1.1.хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх;
10.1.2.хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх;
10.1.3.хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;
10.1.4.хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах;
10.1.5.хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах;
10.1.6.хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.7.хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах;
10.1.8.хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах;
10.1.9.хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх;
10.1.10.хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;
10.1.11.өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилгоор хүүхдийг эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын үйл ажиллагаанд оролцуулахгүй байх; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.1.12.хууль тогтоомжид заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.2.Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХАД ТӨР, ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО