13 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэг, оролцоо
13.1.Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тэргүүлэх чиг үүргийг гүйцэтгэнэ:
13.1.1.хүүхдийн эрхийг хангах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг Засгийн газрын өмнө хариуцах;
13.1.2.хүүхдийн эрхийн талаархи Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтийн Засгийн газрын тайланг боловсруулж, Засгийн газарт танилцуулах, холбогдох байгууллагад хүргүүлэх, олон улсын байгууллагын зөвлөмжийг олон нийтэд сурталчлах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
13.1.3.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн бүх шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
13.1.4.хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, хүүхдийн санал, санаачилгаар бий болсон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг төсөвт тусгаж батлуулах;
13.1.5.хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг дэмжих;
13.1.6.хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд үнэлгээ өгөх;
13.1.7.төрийн зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх;
13.1.8.хүүхдийн эрхийн чиглэлээр гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах.
13.1.9.хүүхдийг эрсдэлтэй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг нөхцөлийг үүсгэж байгаа үйл ажиллагааг хязгаарлах, хориглох арга хэмжээг авах. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.1.10.хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж, батлуулах арга хэмжээ авах. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./