16 дугаар зүйл. Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл

16.1.Хүүхдийн эрхийг хангах талаархи салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, орон нутагт Хүүхдийн төлөө зөвлөлийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга тус тус тэргүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн төлөөлөл оролцох бөгөөд бүрэлдэхүүнийг Зөвлөлийн тэргүүн батална.

16.3.Хүүхдийн төлөө зөвлөлийн дүрмийг тухайн зөвлөл батална.

16.4.Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

16.4.1.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах;

16.4.2.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх.

16.4.3.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь хүүхэд хамгааллын жишиг бодлогыг батлах. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.5.Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн ажлын албаны үүргийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тусын чиг үүргийн дагуу гүйцэтгэнэ.

16.6.Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалт бүхий Хүүхдийн төлөө сантай байна. /Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.7.Энэ хуулийн 16.6-д заасан сангийн удирдлага, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.