20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах

20.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар дамжуулан хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавина. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчийн эрх эдлэх бөгөөд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэргэшиж, сургалтад хамрагдсан ажилтанд улсын байцаагчийн эрх олгоно.

20.3.Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэргэшүүлсэн сургалтад хамрагдсан, тухайн чиглэлээр нэгээс доошгүй жил ажилласан, хүмүүнлэгийн болон нийгмийн ухаан, хууль зүйн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.5.Хүүхдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн насанд хүрсэн хүнийг сум, дүүргийн хүүхдийн чуулганаас хүүхдийн элчээр өргөмжилж болно.

20.6.Хүүхдийн элч нь харьяа сум, дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

20.7.Хүүхдийн элчийг сонгон ажиллуулах журмыг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрх бүхий байгууллагатай хамтран батална.

20.8.Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тухайн орон нутгийн хүн амын тоо, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан гурван жил тутамд Засгийн газраас тогтооно. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.9.Хүүхдийн эрхийн улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8-д заасны дагуу Засгийн газраас баталсан, хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, зөвлөмж, албан шаардлага, дүгнэлт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.10.Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгох, цуцлахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмыг баримтална. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.11.Хүүхдийн эрхийн улсын байцаагч хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон, орсон байж болзошгүй тохиолдолд хяналт шалгалт явуулах аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламж, ажлын байр, орон байранд урьдчилан мэдэгдэхгүйгээр чөлөөтэй нэвтрэх эрхтэй. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.12.Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрмийг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.